Б.БОЛДСАЙХАН: ЗҮРХ НЬ ӨӨХӨЛСӨН ХҮНИЙГ ТУРААХ ХОЁР АРГА БИЙ
Улаанбаатар Сонгдо эмнэлгийн захирал Б.Болдсайхан эмч зөвлөгөө өгч байна.
-Хүний зүрх өвдөхөд таргалдаг уу?
Уг нь эсрэгээрээ. Хүн таргалснаар зүрх өөхөлнө. Өөхөлсөн зүрхний ачаалал ихэсч муу ажиллана. Үүний улмаас судас нарийсна, даралт ихэснэ. Үүнээс гадна зүрх муудаад хавагнаж болно. Хаванг таргалалтаас ялгах хэрэгтэй.
Зүрх өөхөлсөн бол турах шаардлагатай юу?
-Мэдээж, гэхдээ гэнэт турах аюултай. Хамгийн гол нь зөв турах хэрэгтэй. Үүний тулд нэгд, дасгал хий. Хүнд хөдөлгөөн дутна уу гэхээ илүүдэхгүй. Хоёрт, хоолоо зохицуулж, тааруул. Төмс, чихэртэй ундаа, цагаан гурилын бүтээгдэхүүнээс аль болох зайлсхийж, дээр нь цагаан будааг хязгаарлах хэрэгтэй. Бусдаар өөхтэй байсан ч болно. Төмснөөс бусад ногоо, цагаан идээ, жимс идэж ус ууж байх хэрэгтэй. Энэ хоёр аргаар турах нь зөв. Түүнээс биш гүйлгэдэг, хөөлгөдөг эм уудаг аррга маш аюултай. Клиникийн томоохон эмнэлгүүдэд жилдээ 10-аад эмэгтэй гуалаг болох гэж элдэх тураах эм хэрэглэсний уршгаар нас бардаг. Эсвэл бамбайн хордлого, цус багадалт, эмийн гүн хордлогод орчихоод ирдэг. Тураадаг цай, эм тариа хэрэглэх нь ер нь их ядсан арга даа. Эрүүл мэндээрээ хохирч байна гэсэн үг. Сард таван кг-аас илүү турж хэрэггүй.
-Тэгвэл зүрхний хаванг яаж арилгах вэ?
-Зүрхний хаван гэж тусдаа ганц төрлийн хаван байдаггүй. Мөн нэг л янзын эмчилгээ хийж болохгүй. Зүрхний хаван бол хөлнөөс эхэлдэг. Гэхдээ энэ нь зүрх үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүй болж, зүрхний дутагдлын бараг гурав дахь шатанд орсон байна гэсэн үг. Энэ үед нэгдүгээрт, эмчээр ямар төрлийн зүрхний дутагдал байгааг оношлуулах нь зүйтэй. Зүрхэнд ирж байгаа ачаалал их байж болно. Эсвэл зүрх өөрөө муудса, зүрхний дараагийн хэмгийн ачаалал ихэдсэн байж болно. Энэ гурав хавсарсан байж ч болно. Тийм учраас эхлээд учир шалтгаанаа олоод ачааллыг багасгах уу, зүрхийг дэмжих үү гэдгийг шийдэж байж эмчийн туслалцаатайгаар хавангаа хөөгөөд , дараа нь эмчийн заавраар өөрөө эмээ ууж сурах хэрэгтэй. Түүнээс биш, зүрхний хаван гэхээр л шээсээр хөөх эм ууж болохгүй .
-Миний зүрх үе үе хүчтэй цохилоод байдаг юм. Ийм үед кофе уух зүгээр үү?
-Ийм үед кофе уух дэмий байх. Яагаад гэвэл кофенд байдаг кофеин гэдэг бодис өөрөө уртавтар тархинд байдаг, өөрөөр хэлбэл дагзны доод хэсэгт байгаа хүний хамгийн доод тархинд буй зүрх амьсгалын дээд төвүүдийг цочроодог. Үүнээс болж хэвийн байх үед ч кофе ихээр уувал зүрхний цохилт, даралт ихэсдэг, зүрх судасны үйл ажиллагаа идэвхждэг. Гэтэл зүрх хүчтэй цохилж байхад кофе уувал улам нэмэгдэнэ. Тэгэхээр ийм үед тайван нь чухал. Элдэв уур уцаар байвал тайвшрах хэрэгтэй. Зүрхний цохилтоо тайван болтол хөдөлгөөнгүй сууж амрах ёстой. Ер нь ногоон цай ууж байвал зүгээр шүү.
Эх сурвалж: www.tuuchee.com – ЗҮРХ НЬ ӨӨХӨЛСӨН ХҮНИЙГ ТУРААХ ХОЁР АРГА БИЙ /15 жилийн өмнөх ярилцлага/