Холестерол гэж юу вэ?

Холестерол гэдэг нь лав маягийн, тосорхог чанартай зүйл юм. Таны элэг холестеролыг үйлдвэрлэдэг бөгөөд энэ нь даавар, Д витамины нийлэгжилт, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд чухал үүрэгтэй.

Цусан дахь холестеролыг HDL (сайн), LDL (муу) гэж хоёр ангилдаг.

  1. Нягтаршил ихтэй липопротейн (HDL) – сайн холестерол. Нягтаршил өндөртэй липопротейн нь холестеролыг элэг рүү хүргэдэг учир артерын судсанд бөглөрөл үүсгэдэггүй. Сайн холестеролын хэмжээ их байх тусам зүрхний шигдээс, цус харвалт болон өөр бусад эрүүл мэндийн асуудлаас сэргийлдэг.
  2. Нягтаршил багатай липопротейн (LDL) – муу холестерол. Муу холестерол нь таны зүрх болон биеийн бусад хэсэг рүү цус зөөвөрлөдөг судсанд хуралддаг. Урт хугацааны туршид хуримтлагдсан муу холестеролын улмаас судас нарийсах, бөглөрөх, зүрхний шигдээс болох, цус харвах эрсдэл үүсдэг.

Цусан дахь муу холестеролын хэмжээ ихэссэнийг хэрхэн мэдэх боломжтой вэ?

Муу холестеролын хэмжээ ихэссэн үед ямар нэг тодорхой шинж тэмдэг илэрдэггүй бөгөөд зөвхөн лабораторын шинжилгээгээр холестеролын түвшинг тодорхойлох боломжтой.

19 хүртэлх насны хүмүүс:

9-11 насны хооронд анхны лабораторын шинжилгээг өгвөл тохиромжтой. Үүний дараа 5 жил тутамд өгөх шаардлагатай. Зарим хүүхдүүдийн хувьд гэр бүлд нь холестеролын хэмжээ их байснаас болж зүрхний шигдээс, цус харвалтын нас баралтын тохиолдол бий бол 2 настайгаасаа эхлээд цусан дах холестеролын хэмжээ тогтоох лабораторын шинжилгээ өгч болно.

20-оос дээш насны хүмүүс:

Залуучууд 5 жил тутамд, 45-65 насны эрэгтэйчүүд 1-2 жил тутамд, 55-65 насны эмэгтэйчүүд 1-2 жил тутамд, 65-аас дээш насны хүмүүс жил бүр цусан дах холестеролын хэмжээ тогтоох лабораторын шинжилгээ өгөх шаардлагатай.

Цусан дах холестеролын хэмжээ тогтоох лабораторын шинжилгээ өгөхөөс өмнөх 9-12 цагийн турш мацаг баривал шинжилгээний хариу илүү бодитой байна гэдгийг анхаарна уу.

 

 

Насанд хүрсэн хүмүүсийн холестеролын байх ёстой хэмжээ

 

Нийт холестеролын хэмжээ 200 мг\dL-ээс бага

 

Нягтаршил багатай липопротейн LDL – муу холестерол 100 мг\dL-ээс бага

 

Нягтаршил ихтэй липопротейн HDL- сайн холестерол 60 мг\dL-тэй тэнцүү буюу их

 

Доорх хүчин зүйлсүүд нь таныг эрүүл бус холестериний түвшинд байгааг илтгэнэ.

Таны амьдралын хэв маяг– Хооллолт,  тамхи согтууруулах ундааны хэрэглээ, стресс, биеийн дасгал хөдөлгөөний дутагдал зэрэг нь холестеролын түвшинд нөлөөлдөг.

Гэр бүлийн өвчний түүх– Хэрэв таны удамд муу холестеролын түвшин өндөртэй хүн байвал генийн удамшлаар танд өвлөгдсөн байх магадлалтай.

Нас– Залуу хүмүүстэй харьцуулахад 40-59 насны ахимаг насны хүмүүсийн муу холестеролын түвшин их байдаг.

Хүйс– Эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүдээс илүү муу холестеролын түвшин өндөр байх магадлалтай байдаг. Цэвэршилтийн дараа эмэгтэйчүүдийн муу холестеролын түвшин огцом нэмэгддэг.

Таргалалт Таргалалт таны сайн холестеролын түвшинг бууруулж муу холестеролын түвшинг нэмэгдүүлдэг.

Өвчлөл, эрүүл мэндийн байдал– Бөөрний архаг үрэвсэл, чихрийн шижин, БЗХӨ, бамбай булчирхайн хавдар, ясны хорт хавдар, өндгөвчний гиста, нойрны асуудал зэрэг нь сайн холестеролын түвшинг бууруулж муу холестеролын түвшинг нэмэгдүүлдэг.

 

Эрүүл амьдралын хэв маяг, зуршлууд таныг холестеролоо хэвийн хэмжээнд барихад тусална.

Бие махбодын идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх.

Зүрхний эрүүл мэндэд тустай хоол хүнсээр хооллох.

Илүүдэл жингүй байх.

Тамхи болон цахилгаан тамхи хэрэглэхгүй байх.

Стрессээ багасгах.

Сайн унтаж амрах.

Бэлтгэсэн: Г.Галцэцэг

Сэтгэгдэл үлдээх