Дисменорея буюу сарын тэмдэг ирэх үеийн өвдөлт нь биеийн юм ирэх үед хэвлийн доод хэсгээр үүсэх төрөл бүрийн зовиурыг хэлнэ. Биеийн юм ирэх нь хэвийн үзэгдэл ч олон эмэгтэйчүүдэд өвдөлттэй ирдэг байна. Умайн хүзүүний нарийсалттай эмэгтэйчүүд илүү их өвдөлт мэдрэх тохиолдол бий. Мөн бэлгийн замын халдвараас үүсэлтэй зовиураас ч үүдэлтэй байх магадлалтай. Хэрвээ өвдөлт мөчлөг бүрт их хүчтэй мэдрэгдэж байвал эмэгтэйчүүдийн эмчид хандах нь зүйтэй.
​Таны сарын тэмдэг өвдөлттэй ирдэг бол бидний зүгээс дараах 10 аргыг санал болгож байна:

1.Бүлээн жин тавих

Өвдөлт өгөх үед та биеэ дулаацуулах замаар зовиурыг намжаах боломжтой. Жишээлбэл бүсэлхий орчимдоо бүлээн жин тавьж тодорхой хугацаанд хэвтэж амарч болно. ​Халуун ванн, шүршүүрт орох, эсвэл халуун саунад орвол цусны эргэлт сайжрахаас гадна өвдөлт намжина. Мөн дулаан хувцас өмсөх, ялангуяа бүсэлхий, бөөр нурууны хэсгээр дулаалах хэрэгтэй. Халуу оргиулдаг наалт байдаг бөгөөд энэ наалт нь тухайн орчиндоо дээд тал нь 8 цаг халуунаа барьдаг. Ингэснээр булчинг тайвшруулж, хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулна.

2.Цай уух

Камилла буюу балжимгарма, төлөгч өвс, гаа буюу батарш, эсвэл таван салаа зэрэг ургамлын цай уух нь биед зохимжтой. Мөн шинэхэн цагаан гаанаас хэдэн зүсмийг авч, буцалсан халуун усанд хандлан, нимбэгийн шүүс, зөгийн балаар амтлан уух нь дархлаа сэргээж, эрүүл мэндэд нэн тустай байх болно. Ер нь өдөрт хэд хэдэн удаа халуун цай хийж уух нь бие махбод, сэтгэл санааг тайвшруулдаг байна. Хар цай коффейн их агуулдаг тул уухаас зайлсхийгээрэй.

3.Бясалгах

Бидний биед ямарваа нэгэн өвдөлт мэдрэгдэх үед тухайн орчны булчин чангарч нэмэлт зовиурууд үүсдэг. Тиймээс бие сэтгэл санааг тайвшруулах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал юм. Эрт орондоо орж, нойроо ханатал унтаж амрах, улмаар цэвэр агаарт гарах хэрэгтэй. Мөн биед эвтэйхэн, зөөлөн хувцас өмсвөл зохимжтой. Бясалгал, ёог хийх замаар бие сэтгэлээ тайвшруулж болно. Кино үзэх, ном унших замаар өөрийгөө түр сатааруулах замаар өвдөлтөө бага мэдэрч болно. ​Хайрт хүнтэйгээ тэврэлдэх үед мөн бие сэтгэл тайвширдаг.  Үүнээс гадна зарим тохиолдолд бэлгийн харьцаа, дур тавилт өвдөлт намжаах нөлөөтэй байдаг байна.

4.Хөдөлгөөн хийх

Биеийн тамир хийх замаар булчин суларч цусны эргэлт сайжирдаг. Гол нь өөрийн биед ачаалал өгөхгүйгээр дасгал хийх нь зүйтэй. Хөдөлгөөн хийснээр “аз жаргалын даавар” буюу эндорпин ялгарч сэтгэл санаа сэргэнэ. Хэрвээ та урт хугацаагаар сууж ажилладаг бол суугаа дасгал хийх боломжтой.

5. Эрүүл хооллох

Магнези, кальц, төмөр агуулсан хүнс хэрэглэх нь зүйтэй. Биеийн юм ирсэн үед ихэнх эмэгтэйчүүдэд гэдэс дүүрэх зовиур давхар илэрдэг учир жимс, ногоо гэх мэт эслэг агуулсан хүнс хэрэглэх нь зохимжтой. Бууцай, улаан манжин зэрэг төмөр агуулсан ногоо, төрөл бүрийн самар, шошь, вандуй, бяслаг, сүү хэрэглэх нь зүйтэй.
Хар шоколад магнези агуулдаг тул өвдөлт намжаахад тус болно. Загас, авакадо, банана, хар талх гэх мэт хүнс Б6, Е витамин, омега 3 агуулдаг байна. Мөн тогтмол ус уухыг зөвлөж байна.

6.Зарим зүйлсээс татгалзах

Биеийн юм ирэх үед эмэгтэй хүний бие нэг ёсондоо шинэчлэгддэг. ​Энэ үеэр эмэгтэй хүн бие махбодын тэнцвэртэй байдлыг алдагдуулах бодисуудад их мэдрэг болдог байна. Иймд та никотин буюу тамхи, архи, хар цай, кофе, кола гэх зэрэг кофейн агуулсан бүтээгдэхүүн, давс, сахар, тослог ихтэй хүнс зэргээс татгалзаарай.

7.Өөртөө цаг гаргах

Бие мэдрэг болсон энэ үеэр та өөрөө өөртөө цаг гаргаарай. Та дахин давтагдашгүй, эмэгтэйлэг байдлаа үнэлэх хэрэгтэй. Та өөрт баяр баясал авчрах зүйлсийг хийгээрэй. Инээдмийн кино, хошин шог үзэх гэх зэрэг янз бүрийн өөрт тохирсон аргаар инээн баясах хэрэгтэй.​

8.Иллэг хийх

Зөөлөн иллэг, цэгэн массаж хийлгэх, зүү тавиулах аргаар алжаалаа тайлж болно. Бэлхүүс орчимд иллэг хийвэл төрөл бүрийн ургамлын эфирийн тос агуулсан тос хэрэглэх нь тохиромжтой. Өдөрт хоёр удаа, 2-5 минут тухайн тосоор хүйсээ нар зөв тойруулан иллэг хийж болно.
Цэгэн массаж хийх:

9.Жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл

Жирэмслэлтээс хамгаалахаар хэрэглэж байгаа аргаасаа шалтгаалан өвдөлт их бага байж болно. Хэрвээ та ерөндөг буюу спираль тавиулсан бол өвдөлт улам их мэдэрч магадгүй. Хэрэв тийм бол эмчтэй зөвлөн жирэмслэлтээс хамгаалах өөр арга хэрэглэх нь зүйтэй. ​Хэрвээ та жирэмслэлтээс хамгаалах эм уудаг бол биеийн даавар тэнцвэржиж, өвдөлт бага мэдрэгддэг байж болох юм. Гэхдээ энэ аргыг хэрэглэдэг хүмүүст толгой өвдөх, дотор эвгүйрхэх, сэтгэл санаа тогтворгүйтэх, түргэн ядрах, жин нэмэгдэх, хавагнах, хоолны дуршил ихсэх, бэлгийн хүсэл буурах гэх зэрэг сөрөг шинж тэмдгүүд илэрч болох юм. Та эмэгтэйчүүдийн эмчээсээ лавлан өөрт таарах аргыг хэрэглээрэй.

10.Өвчин намдаах эм

Хурц өвдөлтийн үед даавар агуулаагүй өвчин намдаах эм ууж болно. Харин аспирин уухаас татгалзах хэрэгтэй, учир нь үүнд агуулагдах ацетилсалицилын хүчил цус шингэлэх үйлдэл үзүүлдэг юм. Өвчин намдаах эмийг аль болох эрт уувал зүгээр бөгөөд эм уусан тохиолдолд архи дарснаас татгалзах хэрэгтэйг анхаарна уу.

 

ЦАХИЛДАГ ЭМИЙН САН
Эрүүл жаргалтай амьдралын төлөө

Сэтгэгдэл үлдээх