Эхийн хэвлий дэхь өсөлтийг тооцохгүй бол бид 2 нас хүртлээ маш хурдацтай өсдөг билээ. Үүнээс хойш биеийн өсөлт аажмаар удааширдаг ч бэлгийн бойжилтын үед буюу шилжилтийн насанд /ойролцоогоор эрэгтэй 13-14, эмэгтэй 11-12/ өсөлт эргэн идэвхждэг.  

Өсөлт, биеийн өндөртэй холбоотой олон төрлийн асуултууд байдаг. Ерөнхийдөө өсөлт гэдэг нь маш олон хүчин зүйлсийн үр дүнд өнчин тархины өмнөд хэсгээс ялгардаг өсөлтийн даавар буюу соматотрофин дааврын нөлөөгөөр ясны эсүүд хуваагдан олширч, яс уртсах үйл явц юм.

Генетикийн хүчин зүйлс, өсөлтийн даавруудын ялгарах хэмжээ, гадаад хүчин зүйлс зэрэг нь тухайн бие махбодийн биеийн өндөрт нөлөөлөх гол хүчин зүйлс юм. Өсөлтийн даавруудын аль аль нь хүний биеийн ихэнхи эдүүдэд нөлөөлөх бөгөөд зөвхөн өсөлтөд нөлөөлөхөөс гадна хүний амьдралын турш ялгарч өөр олон чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр даавруудын цусан дахь хэмжээ өсвөр насанд хамгийн дээд хэмжээндээ хүрэх бөгөөд улмаар буурдаг байна. Мөн эдгээр дааврууд нь унтаж байх үед (ялангуяа өсвөр насных хүүхдүүдэд) хамгийн ихээр ялгардаг байна. Тэгэхээр өсөлтийн дааврын нөлөөгөөр бид өндөр болдог байх нь . 

Тэгвэл өсөлтийн дааварт юу нөлөөлдөг вэ? Хүүхдийн өндөр зөвхөн генээс хамаардаг уу? 

Товчхондоо хүүхдийн өсөлт ген болон хүрээлэн буй орчноос хамаардаг байна. Өсөлтийн 60-80 орчим хувийг генетикийн хүчин зүйлээр тодорхойлдог бол 20-40 хувийг хүрээлэн буй орчны нөлөө, голчлон хоол тэжээлтэй холбон тайлбарлаж болно. 

Гэхдээ олон төрлийн угсаатны популязи өөр өөр генетикийн үндэс суурьтай, өөр өөр орчинд амьдардаг тул өндрийн удамшил нь улс орон тэр бүү хэл хүйсээс шалтгаалж өөр өөр байж болно. Ази тэр дундаа зүүн Азийн хувьд өндөр удамших байдал харьцангуй бага байдаг. Жишээлбэл, 2004 онд БНХАУ-ын Хунань багшийн их сургуулийн Миао-Шин Ли болон хамтран судлаачид  Хятад улсын хүн амын 385 гэр бүлд үндэслэн өндрийн удамшлыг 65 хувь гэж тооцсон байна. 

Эрдэмтэд өндрийг тодорхойлдог 700 гаруй генийг илрүүлсэн бөгөөд эдгээр генүүдийн зарим нь өсөлтийн ялтсуудад нөлөөлдөг бол бусад нь өсөлтийн даавар үүсэхэд нөлөөлдөг байна. 

Хүүхдүүдийн өндрийн ялгаа эцэг, эхээс хамаардаг гэдгийг баталж байгаа ч өсөлтийн дааварт нөлөөлдөг хүрээлэн буй орчны хүчин зүйлсийг мартаж болохгүй. Үүнд: цаг уур, өвчлөл, стресс, амьдралын дадал, дасгал хөдөлгөөн, хоол тэжээлийг хамруулж ойлгож болно. Үүн дотор голчлон нөлөөлөх хүчин зүйл бол хоол тэжээл юм.  Эрүүл яс, булчин, эд эсийг бий болгоход нүүрс ус, уураг, өөх тос нь хүнсэнд зайлшгүй шаардлагатай бүрэлдэхүүн хэсэг болдог. Бүх илчлэгүүд тэнцүү биш тул бид эдгээр макроэлементүүдээс гадна (нүүрс ус, уураг, өөх тос гэх мэт) өсч торниж буй хүүхдүүд маань эрүүл чийрэг өсөхийн тулд бичил тэжээл буюу микроэлемент  (витамин, эрдэс бодис гэх мэт) хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. 

Сэтгэгдэл үлдээх