Сайн эцэг, эх байх гэдэг үгийг та олонтаа сонссон байх. Гэвч хүн бүрийн амьдралын хэв маяг, боловсрол, шашин шүтлэг хоорондоо харилцан адилгүй тул сайн эцэг, эх гэх тогтсон нэр томьёолол, дүрэм журам байхгүй гэдгийг нийтлэлийн эхэнд дурдах нь зүйтэй болов уу. 

Харин хүүхэд бүр өөр өөрийн зан авиртай. Иймд  та хүүхэд өсгөх арга барилаа нас насны онцлогт нь тохируулан өөрчлөх хэрэгцээ үүсдэг. Тиймээс бид  энэ удаагийн нийтлэлээрээ эцэг эхчүүдэд хүүхдээ өсгөх, хүмүүжүүлэхдээ анзааралгүй өнгөрөөдөг нийтлэг 5 алдааг хуваалцаж байна.

Үүрэг хариуцлагатай байхыг зааж, сургах

Бид төрөхдөө л аливаад хэрхэн хандах, өөрийн хийсэн үйлдэлдээ хэрхэн хариуцлага хүлээх талаар мэдлэгтэй төрдөггүй шүү дээ. Аливаад үүрэг хариуцлагатай хандах, үйлдлээ ухамсарлаж сурахад цаг хугацаа шаардлагатай. Тиймээс хүүхэд өсөж торних явцдаа хийсэн үйлдэл бүрдээ алхам алхмаар үүрэг хариуцлага гэх зүйлийн талаар суралцаж байдаг. Тиймээс хүүхдийн өдөр тутамдаа тогтмол хийдэг үйлдлүүдийг ажиглан түүнд нь тохирсон үүрэг, даалгаврыг өгөх боломжтой.    

  • Насны онцлогт нь тохирсон ажлыг даатгах
  • Сургууль, цэцэрлэгийн гэрийн даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэх
  • Олон нийтийн үйл ажиллагаанд хамтдаа оролцох
  • Бусдад туслах арга замыг эрэлхийлдэг байх
  • Хүүхдэд бие даан шийдвэр гаргах боломж олгох 

Алдаандаа уучлалт гуйдаг байх

Та хүүхдэдээ өөрийн хийсэн аливаа буруу үйлдэлдээ хариуцлага хүлээж, буруугаа хүлээдэг байх нь  яагаад чухал болохыг ойлгуулах нь чухал. 

Хүүхдүүд эцэг, эх, хүрээлэн буй орчноосоо аливааг харж, үлгэрлэн суралцдаг гэдэг. Томчууд бид ч  хүн л учраас алдаа гаргадаг,  Харин түүнээсээ суралцаж буруу зүйл хийснийхээ төлөө бусдаас уучлалт гуйдаг байх чухал гэдгийг ойлгуулахын тулд хүүхдүүдийнхээ өмнө өөрсдийн алдааг хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ хэрхэн хариуцлага хүлээж болохыг үлгэрлэн харуулах нь зүйтэй.

Тэдний сонголт, үзэл бодлыг сонсож, ярилцах

Хүүхдэдээ анхаарал тавьдаг эцэг эхчүүдийн нийтлэг зан чанар бол тэд ихэнх цагийг тэдэнтэй тоглоход бус ярилцахад зарцуулдаг. Хүүхдээ сонсож, тэдэнд бүрэн анхаарлаа хандуулахад (утас, дэлгэцээс хол) та өөрөө бага багаар суралцан, дадлага хийгээрэй.

Ингэснээр та  хүүхэдтэйгээ бодсоноосоо ч илүү ойр дотно байдлыг мэдэрч, тэдний бодож, мэдэрч байгаа олон зүйлийн талаар олж мэдэх болно.

Хамгийн чухал нь та хүүхдээ тэдэнтэй ямар нэгэн зүйлийн талаар ярилцахыг хүсэхэд тэд танд хэрхэн анхаарлаа бүрэн төвлөрүүлж, сонсож байгааг харах болно.

Хүүхдийнхээ хувийн орон зайг хүндэлж буйгаа илэрхийлэх 

Хүүхэд ухаан орсон цагаасаа өөрийн дуртай болон дургүй зүйл, бусад мэдрэмжээ үйл хөдлөл, үг хэлээрээ илэрхийлж байдаг. Тиймээс хүүхдийг аль ч насанд байсан тэдний насны онцлог, зан авирын өөрчлөлт зэргийг ойлгож тэдний гаргаж буй үйлдэл, шийдвэрт хүндэтгэлтэй хандаж буйгаа илэрхийлдэг байх нь чухал. 

Хүндэтгэл гэдэг нь аливаа зүйлийг хүүхдийнхээ өнцгөөс харж, түүний хэрэгцээ, мэдрэмжийг анхаарч үзэн энэрэнгүй байхыг эцэг, эх, асран хамгаалагчдаас шаарддаг.

Ялангуяа зан авирын тогтвортой бус үед байгаа өсвөр насны хүүхдийнхээ үзэл бодолд хүндэтгэлтэй хандсанаар та хүүхдээ эелдэг, зөв зан төлөвтэй болж төлөвшихөд нь туслах болно.

Бие бялдрын хувьд гарч буй өөрчлөлтөд анхаарлаа хандуулах

Хүний хөгжлийн хамгийн эрчимтэй, чухал үе болох бага насны хүүхдийн бие бялдар болон боловсролын хөгжилд анхааран, дэмжих нь насан туршийн ухаалаг хөрөнгө оруулалт болохыг орчин үеийн олон судалгаа нотолж байна. Тиймээс бага наснаас нь хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, өсөлт, асаргаа, биед гарч буй өөрчлөлтөд анхаарах нь эцэг, эхчүүдийн хувьд нэн тэргүүний анхаарах шаардлага бий болж байна.

Холбоотой нийтлэл: Хүүхдийн өсөлтөд эерэгээр нөлөөлөх хүчин зүйлс 

 

Сэтгэгдэл үлдээх