Эрдэс бодис, амин дэм нь эсийн доторх биологийн үйл ажиллагаанд нэн чухал үүрэгтэй. Хүний биеийн жингийн 2-3 хувийг эрдэс бодис эзэлдэг бөгөөд ийм хэмжээний эрдсийг бид хоол хүнс, уух шингэнээрээ дамжуулан биедээ хуримтлуулснаар эд эрхтний үйл ажиллагаа хэвийн явагдаж, эрүүл байдаг.
Хэрэв эдгээр эрдэс, амин дэм дутагдвал эрхтэн тогтолцооны хэвийн үйл ажиллагаа алдагдаж, улмаар янз бүрийн архаг эмгэг үүсгэх эрсдэлтэй. Эрдэс бодисын хүний биед шаардагдах хэмжээ нь тухайн хүний нас, хүйс, биеийн жин, өндөр, хоол хүнсний бүтэц гэх мэт олон хүчин зүйлээс хамааран ялгаатай байдаг. Гэсэн хэдий ч бага, өсвөр насныхны хувьд эрдэс, амин дэмийн дутагдалд орох магадлал илүү өндөр байдаг байна.
Хэрэв та анзаарсан бол хүүхдийн бие махбод нь эрдсийн дутагдалд маш мэдрэмтгий бөгөөд үүнээс үүдэн нүдэнд харагдахуйц өөрчлөлтүүд хүүхдийн биед илэрч эхэлдэг. Үүнд:
Булчин шөрмөс татах, өсөлт удаашрах, хумс хугарах, гэмтэх:
Эдгээр шинж нь хүүхдийн биед В амин дэм, кальци дутагдаж байгааг харуулж байдаг. Кальцийн нэг хоногийн хэрэглээ нь дунджаар 800 мг байх бөгөөд нийт хүний биед байх ёстой кальцийн 99 хувь нь яс, шүдэнд, үлдсэн нь эсийн гаднах шингэн, эдэд агуулагддаг. Хоол хүнсээр дамжуулан хэрэгцээтэй хэмжээгээр авч чадахгүй байх мөн чихэрлэг зүйлс, кофейны хэт их хэрэглээнээс шалтгаалан кальцийн дутагдал бий болдог. Шаардлагатай кальцийн хэмжээгээ нөхөлгүй хэвээр үргэлжилбэл таны хүүхэд амархан ядарч сульдах, ясны сийрэгжилт зэрэг эрсдэлийг дагуулдаг гэдгийг анхаараарай.
Дархлаа муудах, амархан ядрах, арьс хуурайших:
Энэ шинж тэмдэг нь бие дэх калийн зохист хэмжээ алдагдсанаар илэрдэг. Кали нь мэдрэлийн болон булчингийн үйл ажиллагаанд оролцож, уургийн ба нүүрс усны бодисын солилцоог идэвхжүүлэх үүрэгтэй. Кали нь төмс, алим, үзэм зэрэг жимсэнд илүү агуулагдах ба кали дутагдахад арьс хуурайшиж, шөрмөс татах, нойргүйдэх, цусны даралт ихсэх зэрэг шинжүүд мөн илэрдэг.
Хоолонд дургүй болох, үе мөч хөших, анхаарал төвлөрөлт муудах:
Эдгээр нь хүний биед Фосфор дутагдсаны шинж байх магадлалтай. Фосфор нь мэдрэл, булчин, элэг, бөөр, яс болон шүд ургах үйл явцад оролцдог бөгөөд биеийн өсөлт бойжилтыг түргэсгэх үүрэгтэй. Хүүхэд хоол хүнсээрээ дамжуулан фосфорын хэрэгцээгээ хангалттай хэмжээгээр авч чадахгүй байх, хоол хүнсний зохисгүй хэрэглээнээс шалтгаалан фосфорын дутагдалтай болж улмаар хүүхдийн бие сулрах, анхаарал муудах, амархан ядрах зэрэг шинж илэрдэг.
Биеийн дулаан буурах, нойр муудах;
Энэ нь магни дутагдсанаас үүдэн таны хүүхдэд мэдрэгдэж болох шинжүүд юм. Биед агуулагдах хэмжээгээрээ магни нь кальци, фосфорын дараа ордог. Эсийн доторх орчны гол бүтээгдэхүүн болдог төдийгүй завсрын солилцоонд оролцож олон ферментийг идэвхжүүлэхэд нөлөөлнө. Мөн тархины үйл ажиллагаа болон цусан дахь сахарын хэмжээг зохицуулж, цусны даралтыг бууруулах үүрэгтэй юм.
Ил үүссэн шарх удаан эдгэх, үс салаалах, хумсанд цагаан толбо үүсэх:
Энэ нь цинк буюу цайр дутагдсаны шинж байж болдог. Эсийн задрах, үржих, нөхөн төлжихөд үйл явцад цайр голлох үүрэгтэй оролцоно. Үүнээс гадна нүдний харааг сайжруулах үүрэгтэй ба нүдний торлогт цайр зохих хэмжээтэй байдаг юм. Хүүхэд, насанд хүрэгчдийн дархлааны тогтолцоонд нөлөөлж биеийн халдвар эсэргүүцэх, шарх эдгээх чадварт нөлөөлдөг учир өндөг, буурцагт ургамал, самар, бүхэл үр тариа, хар шоколад гэх мэт цайраар баялаг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй.
Эцэг эхчүүд гэр бүлийнхээ гишүүдийн хоол хүнсний хэрэглээ, эрдэс бодисын хэмжээг тооцоолж ямар бүтээгдэхүүнд аль эрдэс нь ямар хэмжээгээр агуулагддаг вэ гэдгийг анхаарч сурах нь гэр бүлийнхээ эрүүл мэндийн боловсролд оруулах үнэтэй хувь нэмэр юм.
ХОЛБООТОЙ: ӨСӨЛТИЙГ ДЭМЖИХ BONEPEP ГЭЖ ЮУ ВЭ ?