Хүмүүс бидний эрүүл мэнд, өсөлт хөгжил, амьдралын эрч хүч гээд бүхий л чухал зүйлс шим тэжээл гэх хоёр үгтэй шууд хамааралтай. Шим тэжээлийг бид ихэвчлэн хоол хүнсээр дамжуулан авдаг бөгөөд уураг, нүүрс ус, өөх тос, эрдэс бодис, амин дэм зэрэг хүний биед зайлшгүй шаардлагатай 20 гаруй төрлийн шим тэжээлт бодис байдаг. Хоол хүнсний найрлага дахь шимт бодисыг үндсэн 2 ангилдаг бөгөөд үүнд: 

Үндсэн шимт бодис буюу хүний бие махбодын өсөлт төлжилт, хэвийн үйл ажиллагааг тэтгэхэд зайлшгүй шаардлагатай тэжээлийн бодис уураг, өөх тос, нүүрс усыг хэлдэг. Харин бичил тэжээл гэдэг нь хүний бие махбодын эрүүл аж төрөхөд бага тун хэмжээгээр зайлшгүй шаардагдах бичил бодис болох аминдэм, эрдэс бодисуудыг хэлнэ. Витамин A, B, C, Д, E, K, антиоксидант,  кальци, төмөр, цайр, магни зэрэг эрдэс бодисууд нь хүний бие махбодын өсөлт хөгжил, хэвийн үйл ажиллагааг хадгалан, эрүүл амьдрахад тодорхой хэмжээгээр зайлшгүй шаардагддаг.

Гэтэл сүүлийн жилүүдэд хотжилт, суурин иргэншилтэй холбоотойгоор хүн амын хооллолтод ихээхэн өөрчлөлт орж байна. Бид хоол хүнсэндээ аминдэм, эрдэс бодисын үндсэн эх үүсвэр болох бүхэл үрийн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, зарим нэрийн хүнсний бүтээгдэхүүн (загас, өндөг)-ийг зохистой хэмжээгээр тэр бүр хэрэглэж чаддаггүй учраас хоол хүнснээс авах ёстой эрдэс бодисоо хангалттай хэмжээгээр авч чаддаггүй байна. 

Хүүхдүүдийн хувьд бага нас нь тэдний цаашдын амьдралын суурь үе шат юм. Энэ хугацаанд хүүхдийн бие бялдар, тархины хөгжил, танин мэдэхүйн хөгжлийн үндэс нь бүрэлдэж байдаг. Тиймээс бага насны хүүхдийн хоол тэжээл төрөл бүрийн аминдэм, эрдэс бодисоор баялаг байх хэрэгтэй. Хоол хүнсний илчлэг, эрдэс бодис, бичил тэжээл, аминдэмийн дутагдлаас болж бага насны хүүхэд өсөлтийн хоцрогдолд орох, оюуны чадамж сулран, биеийн дархлаа муудахаас гадна сульдаа болон бусад олон төрлийн өвчинд нэрвэгддэг байна. 

Тэгвэл хүүхдийн хэвийн өсөлт хөгжилтийг хангах, эрүүл чийрэг өсөн торниход чухал шаардлагатай эрдэс бодис, бичил тэжээл, аминдэмийг ямар хүнсээр дамжуулан хангаж болох вэ?

Хүүхдийн өсөлт, дархлааны системийг дэмжихэд чухал үүрэгтэй A аминдэмийн хэрэгцээг цөцгийн тос, зөөхий, загас, түүнчлэн хүнсний ногооны найрлага дахь каротин зэргээс авах боломжтой байдаг. Харин хүүхдийн ясны бэхжих үйл явцыг дэмжих Д аминдэмийг авахад сүү цагаан идээ, өндөг, загасны тос, загасны түрс гэх мэт далайн гаралтай бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх шаардлагатай юм. 

Гэсэн хэдий ч Монгол хүүхдүүдийн хувьд өдөр тутмын хоол тэжээлийн бүтцээр өөрт хэрэгцээтэй кальци, магни болон бусад эрдэс, аминдэмүүдийг хангалттай хэмжээгээр авч чаддаггүй. Жишээ нь: 9-18 насны хүүхэд өдөрт дунджаар 1000-1300 мг кальцийг авч байх ёстой байтал энэ хэмжээ Монгол хүүхдүүдийн хувьд дунджаар ердөө 300-500мг байдаг. 1 аяга сүү ойролцоогоор 300мг кальцийг агуулж байдаг бөгөөд өдрийн кальцийн хэрэгцээгээ хангахад 4 аяга сүү уух эсвэл бусад төрлийн кальцийг ихээр агуулсан хүнсний бүтээгдэхүүн нэмэж хэрэглэх шаардлагатай. 

Үүний адилаар хүүхдийн булчин, мэдрэлийн үйл ажиллагааг дэмжих, ясны эрүүл мэндэд онцгой ач холбогдолтой магниг 8-18 насны хүүхдүүд өдөрт дунджаар 200-350мг-ийг авч байх ёстой. Гэвч магнигаар хамгийн баялаг хүнс болох авакадо 54мг, хар шоколад 64мг,  гадил 37мг, самар ердөө 28мг магниг агуулж байдаг. Иймээс эцэг эхчүүд хүүхдүүнийхээ хэвийн өсөлт, хөгжилийг дэмжих үүднээс шаардлагатай эрдэс бодис, аминдэм агуулсан нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэхийг илүүд үзэх болсон.

Судалгаанаас харахад Монголд 10 хүртэлх насны 4 хүүхэд тутмын нэг нь өсөлт хоцорсон, 8 хүүхэд тутмын нэг нь тураалтай буюу биеийн жингийн хэт дутагдалтай, 43.6 хувь нь төмөр дутагдсаны улмаас цус багадалттай байна гэж тодорхойлогджээ.  Энэ бүгд хүүхдийн хоол тэжээлээс авч буй эрдэс бодис, аминдэм хангалттай хэмжээнд байхгүйтэй холбоотой юм. Мөн түүнчлэн хүүхдийн хэвийн хөгжилд, хоол тэжээлээс гадна дасгал, хөдөлгөөн, нойр, сэтгэлзүйн эрүүл мэнд гэх мэт олон хүчин зүйлс нөлөөлдөг учраас эцэг эхчүүд хүүхдийн өсөлт, хөгжлийн үед тогтмол анхаарал хандуулж байх нь зүйтэй. 

Сэтгэгдэл үлдээх