Статистик судалгаагаар манай орны Хавдар судлалын үндэсний төвд жилд дунджаар 250-300 орчим хөхний хорт хавдрын тохиолдол бүртгэгддэг гэсэн мэдээлэл бий. Хөхний хорт хавдраар зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй эрэгтэйчүүд ч өвчлөх тохиолдол байдаг.
Хөхний хорт хавдрыг дөрвөн үе шатанд хуваадаг бөгөөд 2,3 дугаар үе шат буюу хөгжил сайтай шат нь нийт тохиолдлын 70 хувийг эзэлж байгаа бол 12-15 хувь нь эрт үед нь илрүүлж байна. Иймээс бид хөхөө тогтмол шалгаж хэвшсэнээр өөрийгөө эрсдлээс хамгаалж, хөхний хорт хавдрыг бүрэн эмчлэх боломжтой болох юм.
Хөхний хорт хавдраар өвчлөхөд нөлөөлдөг хүчин зүйлсийг дурдвал:
- Таргалалт. Анагаахын шинжлэх ухаанаар илүүдэл жин буюу таргалалт нь хавдар үүсгэдэг үндсэн шалтгаан гэдэг нь батлагдсан байдаг. Хөхний 80 орчим хувийг өөхлөг эд эзэлдэг бөгөөд жин нэмсэнээр зөв харьцаа, хэмжээ алдагдаж хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл нэмэгддэг.
- Амьдралын хэв маяг. Тамхи татах, буруу хооллох, дасгал хөдөлгөөний дутагдалд орох зэрэг нь хөхний хорт хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг.
- Удамшил. Хөхний хорт хавдар нь удамшдаг бөгөөд хэрэв таны хамаатан саданд хөхний хорт хавдрын өвчлөлийн түүх байдаг бол та урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол орж байх шаардлагатай.
- Туяа. Соронзон туяаны нөлөөлөлд амьдардаг эсвэл цээжний хэсэгт ямар нэг туяаны эмчилгээнд орсон бол эрсдэлтэй хэмээн үздэг байна.
- Биологийн цагийн алдагдал. Биологийн хэмнэл алдагдах үед даавруудын харьцаа алдагддаг. Ингэсэнээр сонгомол хэлбэрээр хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй болдог.
- Хүүхдийг урт хугацаанд хөхөөр хооллох. Хүүхдийг 1.6 нас хүртэл хөхөөр хооллоход хангалттай гэж үздэг. Бор хоолонд орсон хүүхдийн амны эрүүл ахуйг анхаарах хэрэгтэй. Учир нь махан хоолонд орсон хүүхдээ хөхөөрөө хооллосоноор эх хөхний товчоороо дамжуулан халдвар авч хөх үрэвсэх шалтгаан болдог.
- Бусад шалтгаан. Удаан хугацаанд дааврын эмчилгээ хийлгэсэн, хүүхэдгүй болон 35 наснаас хойш хүүхэд төрүүлсэн тохиолдолд хөхний эрүүл мэнддээ тусгайлан анхаарах хэрэгтэй.
Хөхний хавдрын үед илрэх шинж:
- Хөхөнд хүрэхэд халуун байх
- Өмнө нь хэвийн байсан хөхний толгой дотогш татагдаж хонхойсон
- Хөхний арьс татагдана, жүржийн хальс шиг харагдах
- Хөхний арьс улайх, өнгө нь өөрчлөгдөх
- Биений юмны мөчлөгтэй холбоогүйгээр хөхний хэмжээ гэнэт томрох
- Хөхнөөс тунгалаг, цусархаг шүүс гарах
- Хөхний толгой өвдөх, арьс нь хуйлрах, үрчийх
- Биений юмны мөчлөгтэй холбоогүйгээр хөх байнга өвдөх, эмзэглэлтэй байх
- Суганы булчирхай “цочих”
- Хөхөнд бэрсүү үүсэх, хөх хавагнах
Хөхөө хэрхэн өөрөө шалгах вэ?
Сарийн тэмдэг ирж дууссанаас 2-3 хоногийн дараа шалгах нь зөв.
- Мөрөө тэгшилж, хоёр гараа ташаан дээрээ авч хөхний хэлбэр хэмжээ, арьсний өнгө өөрчлөлт ороогүй, хавдаагүй, хөхөн дээр элдэв булцуу эсвэл хонхорхой үүсээгүй хэвийн эсэхийг шалгах.
- Хоёр гараа эгц дээш өргөж хөхөн дээр элдэв булцуу эсвэл хонхорхой үүсээгүй эсэхийг шалгах.
- Хөхний товчноос шингэн ялгарч байгаа эсэхийг шалгах. /Шингэн усархаг, сүүн, шар өнгөтэй эсвэл цус байх./
- Хэвтээ байрлалаас хөхөө тэмтэрч үзэх. Хөхөө хурууны үзүүрүүдээрээ тойрог хэлбэрт иллэг хийх маягаар, дараа нь тээрээс доош чиглэлд, мөн гаднаас дотогш чиглэлд тэмтэрч хатуу зүйл байгаа эсэхийг шалгана.
Хэрэв шалгалтын явцад хатуу зүйл мэдрэгдэх, хөхнөөс шингэн ялгарах, харагдахуйц бэрсүү үүссэн байх, хонхойсон байх, арьсний бүтэц өнгө өөрчлөгдсөн байх тохиолдолд мэргэжлийн эмчид яаралтай хандаж өөрийгөө эрсдлээс хамгаалаарай.
Танд эрүүл энхийг хүсье.